7/30/2008

Хайрын түүх


Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд
хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя.” Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Мэдлэг “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.” гэжээ.

Labels:

7/29/2008

Хадаас

/Нэлээн хэдэн жилийн өмнө уншиж байсан өгүүллэг www.cdeq.mn дээр байж байхын./

Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:


-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ” гэхэд аав нь:

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ

Labels:

Агаарын бөмбөлөг

Бяцхан жаал агаарын бөмбөлөг худалдаж байгаа залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бөмбөлөг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно.Залуу үүнийг анзаараад жаал руу дөхөхөд жаал хүү зоригоо чангалан,

- Ахаа надад нэгийг өгөөч гэж гуйлаа.


Бөмбөлөг худалдагч түүнийг нэг сонжин хараад,

- Чамд мөнгө байхгүй юм уу гэж тоомжиргүйхэн асуучихаад яваад өгөв.

Бяцхан хүүгийн урам хугаран эргээд явж байтал өнөөх бөмбөлөгүүд залуу эрийн гараас мултран хөөрч орхив.Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хөгшин модонд орооцолдоод тогтчихож гэнэ.Хүү бөмбөлөгүүдийг ажиж, зогсоход нөгөө бөмбөлөг худалдагч,

- Хүүе жаалаа гэж дуудаад, чи энэ бөмбөлөгүүдийг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв.Жаалхүү баярлан гүйж очоод модонд авирлаа.Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав.Харин тэр дээр нарийхан мөчир дээр тогтсон нэг бөмбөлөгт хүрч чадсангүй.Хүү залууд бөмбөлөгүүдийг өгөөд,

- Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шүү дээ гэв.

Залуу доогтой хараад,

- Чинийх модон дээр үлдчихлээ жаал минь гэлээ.

Хүү санаа алдан модон дээрх бөмбөлөг рүү нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бөмбөлөгтэй боллоо гэж бодон санаа алдав.

www.cdeq.mn-ээс

Labels:

Арга барсан бүсгүй

Цагаахан даашинз 
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн

Чамайг хараад аргаа бардаг, би
Цамцаа тайлж урж тасдмаар,
Галзуурмаар болдог би
Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг 
Шаналан хэвтдэг би
Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь 
Цээжин дээрээ байна гэж зүүдэлдэг би
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад 
Уур хүрдэг би...
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог, би...
Арга барсан бүсгүй, чи...


                                                    Арлааны Эрдэнэ-Очир

Labels:

Сургамжит өгүүллэг

Нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогооруу оржээ. Гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна. Шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч " -Хүлээгээрэй, танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ" гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв. Багш тайвнаар : " - Чи харав уу...Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм. Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй, залхуурал хэнэггүйрхэл бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байна " гэсэн гэдэг.
"Технологи ба хөгжил"-блогоос

7/24/2008

FC МАХН vs Ардчилал United

Nlog.mn -ээс

За ийнхүү дөрвөн жилд нэг удаа болдог цомын төлөөх шигшээ тоглолт эхлэхэд бэлэн болж байнаа. FC МАХН багийхан өөрсдийн үндсэн өмсгөл болох улаан өнгийн хослолтой гарч ирсэн харин тэдний өрсөлдөгч Ардчилал United цагаан цэнхэр хослолтой тоглоно. Энэ хоёр багийн түүхийн тухайд гэвэл FC МАХН нь цомын далан удаагийн аварга болж байсан гэхдээ тэр үед Монголын лиг ганцхан багтай, тиймээс ямар нэгэн тоглолт бололгүй шууд аваргын цомыг гардуулдаг байсан. Эмээ өвөө зонхилсон энэ клубын фанатууд дээрхи амжилтаараа үнэхээр бахархдаг юмаа. За хоёр багийн ахлагчид болох Ховордорж, Баярдино нар гар бариснаар тоглолт эхэллээ. Талбайн ерөнхий шүүгчээр МАХН –ийн гишүүн, хажуугийн хоёр шүүгчээр МАХН –ийн гишүүн харин туслах шүүгчээр өмнө нь МАХН –ийн гишүүн байсан АН –ийн гишүүн тус тус ажиллана. Аrd Utd –ийн довтолгоо, Ховороо хуурлаа цохилоо ээл дээ. Санамсаргүй нэгэн бөмбөг хаалганд орлоо, гэхдээ МАХН –ийнхан тайван байна аа. Тоглолт дөнгөж эхлээд байгаа учир тэдэнд боломж бий. МАХН довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, гэхдээ Баярдино дамжуулсангүй, Нямка авлаа, ямар удаан юм бэ, түүний бөмбөгийг Женаро Кёкшү цэвэрхэн тасаллаа, дамжууллаа, Алтанхуяг жигүүрээр орсон кросс хаялаа мөргөлөө.... за энэ бол гоол байлаа. Ардчилал United-ийн довтолгоо сайндаа биш манайхны хамгаалалт болохгүй байна аа. Тайлбарлагч миний хувьд аль нэгэн багийн талд орох ёсгүй болж буй тоглолтыг яг процессоор нь хүргэнэ. Хүрэлсүхийн довтолгоо, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, Хүрэлсүх дамжуулсангүй, Арвин хүнээсээ өөрөө булааж авлаа Дархан Аваргад хаясан, аварга авангуутаа дэндүү хүчтэй цөлчлөө дөө, харамсалтай. За ингээд AН Utd –ийнхан довтолж байх хойгуур үзэгчидтэйгээ утсаар холбогдъё,,,

Баярдино бөмбөгөнд хүрсэн таслуулчихлаа. БатҮүл бөмбөг авсан түүнийг гурван талаас нь жийж унагалаа, үсдлээ ... найруулагчаа реклам реклам.

Бат-үүл бэртэл гайгүй юм шиг байнаа, тархи нь хагарсан хөл нь баг зэрэг доголж футболк нь ялимгүй ханзарсаныг эс тооцвол төдийлөн ноцтой зүйл болоогүй. Шүүгч улаан хуудас өргөөд хүрээд ирлээ хэнд өгөх юм болоо, үсдэж татсан МАХН –ийн тоглогч авах байхаа. Заа Бат-үүлд өөрт нь улаан хуудас өгчлөө баашилсан гэж үзсийн болуу, удаашруулсан бичлэгээс харъя, эхлээд хөл рүү нь жийсэн унаагүй, цээж рүү нь тийрсэн тэссэн цаанаас жигүүрийн хамгаалагч ирээд алгадсан дараа нь Арвин үсдсэн, за энд яах аргагүй өөрөө МАХН –ын тоглогч руу муухай харсан юм байна аа. Шүүгч маш сайн анзаарлаа, ингээд AН Utd арвуулаа үлдлээ. Энэ бол МАХН –ы хувьд гоол оруулах сайхан боломж юмаа. Энхбалдо довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, дамжууллаа, бөмбөгөнд хүрэх хүн байсангүй. АН –ынхан довтолж байна, статистик үзүүлэлтүүдийг танилцуулъя тооны харьцаа одоогийн байдлаар 2 : 0 отон тоглолтонд АН Utd нийт 15 удаа орсон, бөмбөг эзэмшилт АН United 70%, тэгэхээр чинь FC МАХН 71%.... Биднийг ярилцаж байх хооронд тооны харьцаа 3 : 0 болжээ АН тэргүүлсэн хэвээр байна.

Тоглолтын 28 дахь минутанд шүүгч шүглээ үлээж эхний хагасыг өндөрлүүллээ. Хоёрдугаар үед биднийг улам илүү сонирхолтой тоглолт хүлээж байнаа. Тоглолтын хоёрдугаар хагас эхэллээ. Энд цугласан зарим нэг МАХН –ын фанатуудад мөнгө тарааж байна, мөнгө авч чадаагүй зарим нь уурандаа цамцан дээрхи бичигнээсээ М,Х хоёр үсгийг нь урж аван хаялаа. АН –ын довтолгоо, Ховороо хоёр хүний өөдөөс довтолж байна, Гончигоод хаялаа цохилоо, ..цохилоо, цохилоо, дэвслээ, үсдлээ, дэвслээ, шүүгч ирж салгалаа. МАХН –ын хамгаалагчид нэлээд шатжээ. Гэмтэл авсан Гончигоогийн оронд Гүнээ орж ирлээ. Гүнээгийн хувьд хувийн тоглолт сайтай, өөрийнх нь баг нь төдийлөн амжилт олохооргүй жижиг баг байсан учраас АН Utd багт ирсэн. Гүнээ довтолж байна, дамжууллаа... Тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнгийн тог тасарлаа, ... Ямар учраас цахилгааны саатал гарсаныг тодруулах ажлын хэсэг гарсан гэсэн мэдээлэл байна. ... за ашгүй тог ирлээ тоглолтынхоо тайлбарт эргэн оръё, тог тасарсан нэлээд хэдэн минутын хугацаанд FC МАХН –ынхан хоёр ч бөмбөгийг хаалганд оруулж тооны харьцааг 3 : 2 болгож ойртууллаа. Харин Ардчилал United –аас дахин нэг тоглогч улаан хуудсаар торгуулан хөөгдөж талбайд есүүлэхнээ үлджээ. Ер нь бол FC МАХН –ынхан үндсэн тоглолтоо гаргаж эхэллээ, Лүндээ довтолж байна, тэнд цаана Арвин орилоол гүйгээд байна даа, таслууллаа Ардчилал United сөрөг довтолгоонд орлоо МАХН –ы хамгаалагчид АН –ын довтлогч руу мөнгө сарвайгаад л байна даа, тэрнийхээ оронд түрүүнийхээ хүчтэй хамгаалалтыг хийсэн нь дээр дээ, за тэр, мөнгийг нь авсангүйд уурлан АН -ын довтлогчийг шууд өшиглөөд унагаачихлаа. Хоёр тоглогчийн маргааныг шүүгч ирж салгалаа, ер нь бол FC МАХН харьцангуй илүү тоглож байна. МАХН –ын довтолгоон үргэлжилж байна, харамсалтай нь бөмбөгөө таслууллаа Ховороо бөмбөг авлаа хуурлаа, энэ юу вэ талбайд өөр нэг бөмбөг орж ирлээ, орж ирсэн нөгөө бөмбөгийг МАХН –ын довтлогч Баярдино авч цохин гоол орууллаа тооны харьцаа 3 : 3. Баярдино чи үнэхээр МАХН –ын шигшээ багийн од нь юмаа. Буруу бөмбөгөөр тоглосон АН United –ын хоёр хүн улаан карт авч хөөгдлөө, бусад тоглогч шар хуудас авлаа. Долоон тоглогчтой болсон ч АН –ынхан дутахааргүй тоглож байна. Тоглолтын үндсэн цаг дууслаа одоо шүүгч өөрийн мэдлийн хэдэн минутыг сунгана. Шүүгч 10 минут сунгажээ энэ бол МАХН –д тоог илүү гаргаж хожих сайхан боломж юм. ... Цаг дууссан, гэвч шүүгч тоглолтыг зогсоосонгүй яагаад ч юм МАХН торгуулийн цохилт цохихоор боллоо. Харин АН –ын хаалгач шар авлаа, ингээд түрүүн нэг шар авсан тул хоёр шар карттай болж хөөгдлөө. Ийнхүү Баярдино хоосон хаалганд бөмбөгийг цохихоор боллоо, цохилоо хөндлөвч онолоо гэхдээ хажуугийн шүүгч бөмбөгийг тооцжээ, үнэхээр гайхалтай, тоглолтын эцсийн мөчид тэд хожиж чадлаа эрхэм хүндэт үзэгчдээ. Энд фанатуудын уур бухимдал дээд цэгтээ хүрч байх шиг харагдана, гэхдээ шүүгчийн шийдвэр бол шүүгчийн шийдвэр нэгэнт гарсан шийдвэрийг эсэргүүцээд ямар ч нэмэргүй юмаа. Харамсалтай нь зарим нэг согтуурсан фанатууд талбайд орж ирэн тоглолтыг тасалдууллаа.

7/22/2008

Анхны хайр

Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл
алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч
гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн.
...1997 оны 10 сарын хорин хэдэн л байсийн. Үнэнийг хэлхэд яг хэдэн гэдгийг нь би бодоод бодоод олдоггүй юм. Би гэж нөхөр
эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад энэ үед л анх хичээлдээ явж эхэлсэн юм. Тэр өдөр их л салхитай, цас бороо холилдсон
тийм зэврүүхэн өдөр байж билээ. Ааваараа хүргүүлээд сургуульруугаа ирж явах замдаа би нэгэн улаан өдөн хүрэмтэй, цагаан
ороолттой, малгайгүй нэгэн охиныг олж харлаа. Их ч хөөрхөн охин санагдаж билээ. Манай ангийн шинэ охин гэж би яахан
мэдэх билээ. 1 давхарын мухрын нэг ангийн хаалган дээр 6г гэсэн хаяг байх нь манай анги билээ. Ангидаа явж орлоо. Ангийн
найзууд маань бодуул намайг их л санасан бололтой тал талаас бүчиж аваал, ярьж алдлаа. Би ч ангийнхаа андуудыг их
санасан байсан тул ухаан жолоогүй үнэн, худал юм ярьж гарлаа. Удалгүй ангийн хаалгаар нөгөө гадаа харагдсан улаан
хүрэмтэй охин орж ирээд, арын хананд байдаг өлгүүрт хувцасаа өлгөөд 3-р салааны урдхан талд очоод суулаа. Тэр үед би
энэхөөрхөн охин манай анги юм байна даа гэж бодоод их баярлаж билээ. Анхны харцаар дурлана гэдэг нь тэр л байсийм байлээ.
6-р ангийн хөвгүүд гэдэг чинь охидын үснээс зулгааж, цүнхээрээ цохиж, охидыг хэн нэгэнтэйгээ холбож л "эргүүлнэ" үү
гэхээс, өөр юм толгойд буудаггүй байсан үе. Харин би тэр улаан хүрэмтэй охиныг яагаад ч үснээс нь зулгааж, цүнхээрээ
цохиж, өөр хэн нэгэнтэй холбох зориг, зүрх байгаагүйм. Угаасаа ч би охин эргүүлж үзээгүй хөвгүүн, яах ч учираа яаж
олхов дээ. Хамгийн баярлууштай зүйл бол багшийн журналын арын хуудсанд ангийн бүх хүүхдүүдийн мэдээлэл байдаг явдал.
Эндээс л би түүнийхээ нэрийг, гэрийн хаягийг, утасных нь дугаарыг олж авсан юм. Түүнийг Ц гэе. Яагаад ч юм ангийн
бусад охидоос илүү нүдэнд тусаж, үснээс нь зулгаахаас ч хайр хүрэм тийм л хөөрхөн охин байсийн. Бага насны явдал байсан
болхоор хөөрхөн гэдгээс өөр тодотгол үнэндээ хэлж чадахгүйнэ.
7р ангид орсон жил. Надаас гадна манай ангийн хэд хэдэн хөвгүүн түүнд сайн байлаа. Арай учрыг мэдэх цаг ирсэн болоод
ч тэр үү, би болон миний өрсөлдөгчид бүгд л түүний хажууд суух, түүний дэвтэрээс хичээл хуулах нэрийдлээр дэвтэрийг нь
авах, орой салхилдаг газрынх нь ойролцоо алхаж яваад санамсаргүй мэт тааралдахыг хичээдэг байлаа. Би заримдаа Ц-г хүргэж
өгөхийн тулд түүний байрны ойролцоо байдаг ямар нэгэн дэлгүүр, тоглоомын газар очих нэрийдлээр хамтдаа алхдаг байлаа.
Ингэж явахдаа хэн нэгэн танилтай таарчих вий гэхээс ихэд болгоомжлох мөртлөө, бас ч гэж хэн нэгэнд хамт яваагаа
харуулахыг маш ихэд хүсдэг байж билээ. 7-р анги иймэрхүү дэвшилттэй л өнгөрсөн. 8-р ангид ордог жилээ, манай анги
гадаад хэлний хичээл дээр Англи болон Орос хэл үзэх сонирхолоор нь 2 хэсэг болгож хуваалаа. Анхандаа ч би Орос
хэлний хэсэгт нь өөрийн дураар орлоо. Харин Ц минь Англи хэлний хэсэгт орсоныг мэдээд, яаравчлан Англи хэлний хэсэгт
шилжиж байсийн. Бидний үеийн хүүхдүүд бүгд л Англи хэлэндээ нэг түвшинийх. Хэн нь илүү, хэн нь дутуу гэх зүйлгүй
байсан санагдаж байна. Харин нэг өдөр Ц надаас Англи хэлний хичээлийн даалгавар асуусан юм. Бичхэд ичмээр ч би
энэний дараа Англи хэлний 3 сарын дамжаанд явж эхэлсийн. Энэ дамжаанд явсанаар би хувьдаа ангийн андуудаасаа арай
илүү түвшинд хүрсэн гэж боддог юм. Ингээд Ц маань надаас Англи хэл асуух тусам би улам илүү сурахыг эрмэлздэг
байлаа. Энэ мэтээр өдөр хоног үргэлжилсээр нэг мэдхэд Ц-ийн маань төрсөн өдөр болох дөхлөө. Ц маань ангийн 2, 3
нийлдэг найз охидуудаа гэртээ уриад бяцхан арга хэмжээ гэртээ зохиодог байсийн. Би тэр өдөр урилгагүй зочин болж
очихдоо The Moffats хэмээх хамтлагийн цомог, нэг хуанлийн хамт бэлэг болгон барьж очиж билээ. Олигтой бэлэг биш ч
байсан байж магад. Гэхдээ л Ц-г бага ч гэсэн баярлахыг хараад би үнэхээр баярласан. "Бэлэг өгсөн хүн чинь
үнсдэггүй билүү?" гэсэн үгний хариуд би яах ч учираа олохгүй үнсмэр аядаж билээ. Хацар дээр нь үнсэх тэр үед
миний зүрх яаж цохилж байсныг би одоо ч мартдаггүй юм. Магадгүй надад найдвар байна гэсэн тэнэгхэн бодолд би
итгэсэн. 8-р анги төгсдөг зун юмдаг. Би орой ганц ширхэг шоколад бариад очсийн. 8 цагийн үед. Гэгээ тасрах
хараахан болоогүй байсан санагдаж байна. Ц-г гэрээс нь дуудаж гаргаж ирээд элдвийг ярилцсаар байтал оройн 11
цаг аль хэдийн өнгөрсөн байсан санагдаж байна. Ц-г даарч байгаа байх гэж бодоод би цамцаа өгсийм. Цамцаа
өгснөөс хойш би жаахан даарсаныг тэр минь хараад "Даарч байвал намайг тэврээч" гэж хэлж билээ. Би тэвэрмээр
санагдсан ч, их л эв хавгүй, бүдүүн баараг тэвэрсэн юм. Тэр үед би ямар их аз жаргалтай байсан гээч. Хожим нь
бодоод байхнээ, Ц намайг өрөвдсөндөө л тэврүүлсэн байх. Намайг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан болхоор л
тэр байх. Надад Ц-тэй хамтдаа байсан цаг мөч бүхэн сайхан ч, түүнд минь сайхан байгаагүй гэж би одоо ч бодож
явдийн. Амьдралд болохгүй юм болдоггүй л байдийн, гэдэг үнэхээрийн үнэн үг. Бид 2-н харьцаа иймэрхүү байдлаас
илүү гараагүй л дээ. Яаж ч хичээгээд болоогүй л юм. Тэгээд ч би хэтэрхий улайран зүтгэхээ байсан. Би түүнтэй
үерхэлээ гэж бодход, би түүнийг сайн сайхан байлгаж чадахгүй нь тодорхой. Тэр минь жаргах ёстой болхоос биш,
надтай зууралдаж суух хүн биш. 10-р анги төгстөл би түүнийг ангийн охидуудаас хавьгүй илүүд тавьдаг байсан
бол Ц намайг бусдын л адил нэгэн гэж боддог байсан байх. 2, 3 жил гүйгээд үнэхээр өөрийн болгож чадаагүй
болхоор би Ц-г жаргалтай явахыг нь харж суух л үлдсэн гэж бодож эхэлсийн. Бид 10 төгсөөд оюутан боллоо.
Цоо шинэ хамт олон, цоо шинэ уур амьсгал. Газар газраас ирсэн олон охид, хөвгүүд. Тухайн үед би Ц-с илүү
охин надад олдоно гэж маш их итгэдэг байсан ч, энэ бодол минь өөрчлөгдсөн юм. Би эр хүн болсон хойно ганц
нэг охинтой үерхэж байлаа. Тэд бүгд л сайхан охидууд байсаан. Гэхдээ Ц-тэй минь харьцуулж яавч болохгүй
санагддаг юм. Би зөвхөн баяр ёслол, төрсөн өдрөөр нь л Ц-д баярын мэнд хүргэх гэж утас цохиж, бэлэг өгөх
гэж уулздаг байсийн. Яахав дээ, аргаа ядсан л хүний ажил. Ц-г минь таних, танихгүй хүмүүс сайн муу ярьж
л байдаг. Хүн бүхэнд таалагдах албагүй. Бүгдэд нь ч таалагдахгүй байсан хамаагүй. Ганц надад л сайхан
харагдаж байхад хангалттай. Үнэндээ би оюутан болоод Ц-г мартая гэж маш их хичээсэн. Хүний амьдралд
яагаад ч мартагдахааргүй зүйл гэж байдаг л юм байна. Хүчээр мартах гэж утасных нь дугаарыг утсан дээрээсээ устгасан нь
сэтгэлээс минь устаагүй л юм. Сургийг нь сонсож сэтгэлээ баясгадаг байлаа. Тэр минь оюутан болоод найз залуутай болсон юм.
Ангийнхаа их сайн залуутай нөхөрлөсөн сураг сонсогдлоо. Битүүхэн атаархсан ч би баярласан. Өдөр хоногууд урссаар л. 2006
оны цагаан сарын өмнөхөн юм даг. Ц-д минь дарааллаад хүндхэн үе тохиолдсон юм. Эхлээд найз залуу нь АНУ-г зорьж, төд
удалгүй түүний минь хайртай аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ингээд тэр минь ээжтэйгээ, охин дүүтэйгээ 3-уулаа
үлдлээ. Уй гашуу, ажил явдал дууссаны дараагаар би залгаж ярилцах санал тавьлаа. Ц намайг зүгээр жирийн л найз гэдэг
үүднээсээ миний саналыг хүлээн авч бид 2 уулзаад хэсэг ярилцлаа. Надад сайхан байсан ч түүнд минь ямар байсныг би
мэдэхгүйм даа. Эргээд жаргалтай сайхан мөчүүд надад ирсэн мэт санагдавч, би өөрийгөө хорьж дийлэх гэж хичээж байсийн.
Хүний зовлонгоор жаргал хийх гэж буй мэт сэтгэгдэл төрж байсан юм. Мэдээж хамгийн дотны 2 хүн нь байхгүй болсон хүний
сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Би түүнийг ойлгохыг маш ихэд хичээсэн. Гэхдээ чадсан эсэхийг мэдэхгүй ээ.
Гэхдээ л надад сайхан байсан тэр жаргалтай мөчүүд 8-р сарын 30 хүртэл үргэлжилсэн юм. Бид 2 өдөр бүхэн уулзаж чадахгүй ч,
7 хоногтоо 2 эсвэл 3 уулзаж байлаа. Хамт кино үзнэ, хамтдаа гадуур зугаална гээл цагийг аль болох зугаатай өнгөрүүлэх гэж
хичээдэг байсан юм. Түүнийг хамгийн сүүлд харсан тэр өдрийг би одоо ч маш тод санаж байна. Тэр минь найз залуугийнхаа
араас АНУ явах талаар хөөцөлдөж байгаа ч, нэг л сайн бүтэхгүй байна гэж хэлдэг л байсан. Гэхдээ тэр өдөр... Бид уулзаад
хамтдаа хоолонд орлоо. Ард кино театрын хажууханд байдаг нэгэн Солонгос ресторанд хоол идэж байсан юм. Тэхэд тэр минь гэв
гэнэт "Би явлаа" гээд бослоо. Би түүнийг тоглож байгаа гэж бодоод, нэг их тоосонгүй. Тэгтэл Ц үгийн зөрөөгүй гараад
явчихлаа. Бид 2 хоолоо ч идэж дуусаагүй байсийн. Би түүнийгээ ороод ирнэ гэж бодоод хэсэг суулаа. 5... 10 минут өнгөрлөө.
Би ч гайхаад араас нь гартал Ц минь байгаагүйм. Утасаа салгажээ. Уурлуулсанаас зайлахгүй гэж дотроо бодоод хэсэг учираа
олохгүй байж билээ. Ингээд түүнээс минь сураг ажиг байхгүй хэд хонолоо. Ойролцоогоор 10-аад хоногийн дараа би дүүтэй нь
таарсан юм. Тэгсэн чинь тэр минь найз залуугынхаа араас АНУ-г зорьсонг би сослоо. Энэ бол буруу зүйл биш л дээ. Гэхдээ
яагаад надад хэлэлгүй явсаныг бодхоор өөртөө ч гомдох шиг. Тэр минь намайг бодоол надад явлаа гэдгээ хэлээгүй байх. Тэр
үед надад хэлсэн бол би яаах байсныг бодоод тэр минь өрөвдсөн байх. Тэр минь угаасаа ухаалаг бүсгүй. Ингээд л би
түүнийгээ хаалгаар гарахыг араас нь хараад л үлдсийм даа. Надад тэр үед өөрийгөө зүхэхээс өөр арга байгаагүйн. Эр хүн
уйлдаггүй л гэдэг. Би лав уйлсан. Яахав дээ, яах ч учираа олохоо байгаад л тэгсэн хэрэг. Ажилдаа ч явмааргүй, юу ч
хиймээргүй... Одоо түүнээс минь надад үлдсэн зүйл гэвэл, түүний минь хэд гурван зураг, төгсөлтийн зургийн цомог дээр минь
бичсэн аз жаргалын үгс. Өөр юм надад алга. Угаас Ц минь жаргах ёстой, жаргах хувьтай хүн. Ц минь л сайн сайхан явааг нь
сонсох надад жаргал. Гэв гэнэт гарч ирээд өөртөө дурлуулчаад, өөр хэнийг ч багтаах зайг зүрхэнд минь үлдээгээгүй мөртлөө
"баяртай" ч гэлгүй яваад одсон энэ бүсгүйг би бүтэн 10 жил хайрлаж байна. Хайрлахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй.
Одоо би түүндээ сайн сайхныг хүсч суухаас өөр жаргал надад алга. Найз бүсгүйтэй болсон ч, би түүнийг хайрласан хэвээр л
байх болов уу. Хайрлахгүй болсон ч гэсэн би түүнийг энэ яваа насандаа мартахгүй ээ. Анхны хайр гэж энэ л юм байна.
Хүмүүсээ, хайртай хүнээ л хайрлаж яваарай. Тэр чинь чиний хамгийн том жаргал юм шүү.

Labels:

Нэгэн дурлалын түүх

Залуу хөвгүүн ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ.. Нэгэн өдөр ихэд уйдан гадагш гарлаа. Ийнхүү явж байхдаа тэрээр дэлгүүрийн цонхны хажуугаар өнгөрөхдөө зог тусан эргэж, хаалгыг нь онгойлгон оров. Гэтэл түүнтэй нас чацуу болов уу гэмээр охин СD хуурцаг зарж байлаа. Залуу хевгүүн өөрийн эрхгүй түүнийг ширтэн алмайрчээ. Охин инээмсэглэн:

- “Танд яаж туслахсан бол...” гэж асуув. Балмагдсан залуу охиныг харан “Ямар сайхан инээмсэглэнэ вэ? барьж аваад үнсэх юмсан" гэж дотроо бодож зогсов. Хэдийвээр түүнд юу ч хэрэггүй байсан боловч:

- Надад тэр СD-ийг өгөөч, гэж өгүүллээ, Охин уг хуурцагийг аван хайрцаглаж түүнд егөв. Нөгөө залуу хуурцагаа авч гэртээ ирээд хайрцагийг нь ч онгойлголгүй шүүгээндээ хийжээ. Иймэрхүү байдлаар нэлээд хэдэн хоног өнгөрчээ. Хүү сүүлдээ тэсвэр алдан охинд хайртай болсон тухайгаа ээждээ хэлэхэд ээж нь:

- Хүү минь очиж түүнтэйгээ уулзаж ярь, гэжээ.

Маргааш өглөө нь залуу дэлгүүрт ороод нэг хуурцаг сонгонгоо:
-Чамтай хамт нэгэн үдшийг хамт өнгөрөөж болох уу? хэмээгээд түүнд утасныхаа дугаарыг бичиж өгчээ. Тэгээд мөн л хуурцагаа боолгож аваад дэлгүүрээс гарав. Хоёр өдрийн дараа гэрийн утас дуугаран нөгөө охин ярьж байлаа.

- Би дөнгөж сая түүний орхисон цаасыг оллоо, гэхэд ээж нь уйлан:

- Чи мэдээгүй юм уу? Хүү минь өчигдөр өнгөрчихсөн, гэв.

Оршуулганаас хэдэн өдрийн дараа ээж нь хүүгийнхээ өрөөг янзлаж байгаад шүүгээнд нь маш олон задлаагүй хуурцаг байхыг олж үзэв. Түүнээс нэгийг аван задлаж үзэхэд “Сайн уу? Би танд хайртай болжээ. Тантай илүү дотно байхыг хүсч байна. Орой хамт гарах уу? Хайрт Жаклин” гэж бичсэн байв. Ээж нь сандран бүх хайрцагийг задлаж үзвэл бүгдэд нь иймэрхүү утгатай бичиг байжээ.

Labels:

7/17/2008

Компьютер дэлхийн дулаарлын эсрэг

Datacenter буюу Мэдээлэл хадгалах сангийн сервер компьютерүүдээс гарах дулааныг ашиглах сонирхолтой санаачлага гаргажээ. Сүүлийн үеүүдэд дэлхийг илүү ногоон болгох төслүүд маш ихээр бүтээгдэх болсны нэг төлөөлөл нь энэ болж байна. Олон тооны сервер компьютерүүдийн хөргөлтөнд маш их энерги зарцуулдаг бөгөөд тэднээс ялгарах дулаан нь маш их байдаг гэнэ.

Хэрвээ тэдгээр компьютерүүдийн хөргөлтөнд усан санг ашиглаад хариуд усан санг халаавал компьютерийн хөргөлтөнд зарцуулах энергийг хэмнэхийн хамт усан санг халааж болох нь.

Үүнээс өмнө энэхүү ялгарах дулааныг ашиглан ажлын байрыг халаах санаачлага гаран одоо хэрэгжиж яваа юм байна.

Харин энэхүү усан санг халаах төсөл нь Швейцарын Uitikon хэмээх хотын усан санд хийгдэх төлөвтэй байна. GIB-Services AG -д зориулсан дата төвийг IBM компани саяхан ашиглалтанд өгсөн ажээ. Дата төвийн дундаж дулаан 70 хэмтэй байдаг бөгөөд энэ хэмд барьж байхын тулд маш олон сэнснүүд зогсоо зайгүй ажиллан халуун агаарыг гадагшлуулдаг байна.

Мэдээж ихэнх компьютерүүдийн нэгэн адил халсан агаарыг зүгээр л гадагшлуулаад л орхидог байжээ. Харин багагүй зардал гарган үүссэн дулааныг дамжуулах төхөөрөмж угсарснаар дулааныг маш илүү ашигтайгаар зарцуулахнээ.

IBM компани шинэ энэхүү төслийг бусдад үлгэр дууриал загвар болно гэж итгэж байгаагаа хэлжээ. Ямартаа ч энэхүү серверээс ялгарсан дулаанаар халсан усаар 80 айлыг халаах бүрэн боломжтой гэж мэргэжилтэнгүүд үзэж байна.

эх сурвалж http://tech.orloo.info/, http://www.physorg.com/news126372792.html

Labels:

7/04/2008

OpenOffice.org Portable 2.2.1


Ганцхан Microsoft Office л байхгүй шүү дээ өөр өөр олон програмаадууд байгаа. Тэнд танд таалагдах зүйлс ч байгаа ч юм билүү. Юу ч гэсэн Java дээр хийгдсэн бас нэлээд өргөн тархсан энэ програмыг тавилаа.
Татах

Labels: